Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби дахь Капитал Гэйт барилга нь яах аргагүй дэлхийн шилдэг барилгуудын нэг юм. Барилгын ажил 2007 онд эхэлж 2011 онд дууссан бөгөөд барилгын загварыг тус улсын РМЖМ компани гаргажээ.
Энэхүү барилга ашиглалтанд орсон цагаас эхлэн дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдын хөлд дарагдаж, дэлхийн дээд амжилтыг бүртгэн алдаршуулдаг Гэннисийн номонд “Хүний гараар бүтсэн хамгийн налуу загвартай цамхаг” хэмээн бүртгэгджээ.
Капитал Гэйт барилга нь 160 метр өндөр, 35 давхар төдийгүй 13-р давхраасаа эхлэн баруун тийш 18 хэмийн налуу бүтээгдсэн нь ийнхүү олны анхаарлыг татахад хүргэсэн юм. Ийнхүү налуу бүтээхэд барилгачдын ярьдгаар “нуман хэлбэрийн голыг” ашигласан бөгөөд 12 давхар хүртэл нь босоо тулгуурууд хэрэглэж, цааш нь давхар бүрийг 30-140 см-ээр хазайлгаснаар энэхүү гайхалтай загвар бий болжээ. Цамхагийг тогтвортой байлгахын тулд 30м газрын гүнд 490 багана суурилуулсан байна. Ийнхүү налуу болсноороо Италийн алдарт Пизагийн цамхагийн амжилтыг давж чадсан юм. Барилгын талбай 53,100 м2 бөгөөд энд 5 одтой Хайат зочид буудал, тансаг зэрэглэлийн оффисууд байрлах юм.